“ДБЭХС” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ
“ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2020 оны хоёрдугаар улиралд 7 удаа удирдамжийн дагуу хурал хийж дараах асуудлуудыг хэлэлцсэн.
Тус хурлаас гарсан шийдвэрүүдийг товч танилцуулвал:
- 2019 оны жилийн үр дүнгийн цалин, урамшуулал олгох хувь хэмжээг батлагдсан цалингийн төлөвлөгөөнд багтаан олгохыг зөвшөөрсөн.
- Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх 2020 оны ажлын төлөвлөгөөг баталсан.
- Компанийн 2020 оны бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэн.
- Компанийн Гүйцэтгэх захирал Г.Отгонбаатарт 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зөвлөх инженерийн нэмэгдлийг олгохыг зөвшөөрөв.
- Нүүрс худалдах, худалдан авах гэрээг шинэчлэн байгуулж ажиллахыг Гүйцэтгэх захиралд даалгав.
- Компанийн 2020 оны бизнес төлөвлөгөө батлах тухай хэлэлцэж баталсан.
- Компанийн 2019 оны бараа, ажил үйлчилгээ худалдан авалтын тайланг сонсож хэлэлцээд бусад худалдан авалтаар тусгагдсан 250,000,000 төгрөгийн задаргааг гаргаж Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын хуралд танилцуулахыг Гүйцэтгэх захиралд үүрэг болгов.
- 50 MВт-ын төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажлын явцын талаар сонсож хэлэлцээд Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх төслийн бэлтгэл ажлыг хангах, Монгол улсын хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулах талаар арга хэмжээ авч ажиллахыг Гүйцэтгэх захирал, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдагч нарт даалгав.
- Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 МВт-ын хүчин чадлаар шинээр өргөтгөх төслийн зээлийн барьцаа хөрөнгийн асуудлыг Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж шийдвэрлүүлэхийг Гүйцэтгэх захиралд даалгав.
- Эрчим хүчний салбарын Төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор “ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилсон. ТУЗ-ийг гишүүдийн олонхийн саналаар М.Батгэрэлийг “ДБЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сонгов.
- “ДБЭХС” ТӨХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 14.30 цагт Эрчим хүчний яамны хурлын танхимд хуралдуулахаар шийдвэрлэв.
- Компанийн 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийн дүн, 2019 оны үйл ажиллагааны тайлан, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний гүйцэтгэлийг “Хангалттай ” гэж дүгнэв.
- Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны зардлын төсвийг 104,673,000 төгрөгөөр батлав.
- Компани 2019 онд санхүүгийн алдагдалтай ажилласан тул ногдол ашиг хувиарлахгүй байхаар шийдвэрлэв.
- Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх нэр дэвшүүлэх түр хороог В.Дарханбаатар, Б.Баясгаланбаатар, С.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулав.
- 2020 оны бараа, ажил үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөний биелэлтийн явцын талаар сонсож хэлэлцээд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах” журмын дагуу тайлагнаж ажиллахыг Гүйцэтгэх захиралд даалгав.
- Компанийн 2020 оны нэгдүгээр улирлын санхүүгийн тайлан тэнцлийг сонсож хэлэлцээд 2020 оны бизнес төлөвлөгөө, зорилтот түвшингийн үзүүлэлтүүдэд тодотгол хийхийг, аудитын зөвлөмж, албан шаардлагын биелэлтийг III дугаар улиралд багтаан Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулахыг Гүйцэтгэх захиралд үүрэг болгов.
- Компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн, цаашид ашиглах боломжгүй болох нь тогтоогдсон, хавсралтанд заасан 146 нэр төрлийн 3,014,019,620 төгрөгийн балансын үнэтэй үндсэн хөрөнгийг бүртгэлээс хасах саналыг дэмжиж, Эрчим хүчний яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлж, холбогдох шийдвэрийг гаргуулж ажиллахыг Гүйцэтгэх захиралд даалгав.
- Гүйцэтгэх захиралтай байгуулсан “Контракт”-г сунгах тухай хэлэлцээд “ДБЭХС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.ОтгонбаатарынКонтрактыг шинэчлэн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар байгуулсан.
ТУЗ-ийн нарийн бичиг Г.Нарантуяа