Монгол улсын Засгийн газар Зүүн бүс нутгийн эрчимтэй хөгжлийг хангах, Чойбалсан хотыг аж үйлдвэржүүлэн хөгжүүлэх зорилгоор 1967 оны 06 дугаар сарын 17 ны өдөр тус цахилгаан станцын суурийг тавьж, 1967-1970 онд ЗСБНХУ-ын (хуучин нэрээр) техник эдийн засгийн тусламжаар 12MВт-ын суурилагдсан хүчин чадалтай Дулааны цахилгаан станц баригдан ашиглалтанд орж, 1979-1982 онд Дулааны цахилгаан станцыг БКЗ-75-39/ФБ маркийн 3 зуух, ПТ12-35/10М маркийн 2 турбогенератораар өргөтгөж станцын хүчин чадал 36MВт болж нэмэгдсэн.
Засгийн газрын 2001 оны 07 дугаар сарын 09 ны өдрийн 164 дүгээр тогтоолоор “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компани болон үйл ажиллагаа нь өргөжин тэлж, эрчим хүчний хангамжийн үйлчлэх хүрээ Монгол улсын Зүүн бүс нутгийг хамрах болов. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн хувьцааны 70 хувийг Монгол улсын Эрчим хүчний яам, 30 хувийг Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газар тус тус эзэмшдэг.
Үндсэн үйл ажиллагааны хувьд тус компани цахилгаан, дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах, цахилгаан импортлох, эрчим хүчний тоноглолд засвар туршилт хийх, цахилгаан, дулааны эрчим хүчний тоолуур гүйдлийн трансформатор суурилуулах, засварлах зэрэг 9 тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
Дорнод, Сүхбаатар аймгийн 36 сум суурин газрын 29440 айл өрх, 2912 аж ахуйн нэгж, байгууллага, 19 уул уурхай, газрын тос олборлолтын компаниудыг 0.4, 6, 10, 15, 35, 110кВ-ын 3698,9 км агаарын болон кабель цахилгаан дамжуулах шугам, 468 ком дэд станцыг ашиглан цахилгаанаар хангаж байна. Мөн Чойбалсан хотын 887 аж ахуйн нэгж, 7426 айл өрхийн хэрэглэгчдийг 26,5 хос км далд болон ил шугамаар дамжуулан дулаанаар ханган ажиллаж байна.
“ДБЭХС” ТӨХК нь Сүхбаатар ЦТС-ний 1 салбар, Захиргаа хүний нөөцийн, Санхүү бүртгэлийн, Төлөвлөлт худалдан авах ажиллагааны, Хяналт аюулгүй ажиллагааны, Нийтлэг үйлчилгээний, Эрчим хүч борлуулалтын 6 хэлтэс, Техникийн бодлого төлөвлөлт, шуурхай ажиллагааны 1 алба, Төсөл хэрэгжүүлэх 1 нэгж, Түлш дамжуулах, Зуух, Турбин-Хими, Цахилгаан, Компьютер-дулааны хэмжүүр автоматик, Цахилгаан шугам сүлжээ, Дулааны шугам сүлжээний нийт 7 цех, нэгжийн зохион байгуулалттай, холимог бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Компанийн хүний нөөцийн хувьд удирдлага 10, ИТА 139, ажилтан 481 нийт 630 хүний батлагдсан орон тоотой, магистр 6, бакалавр 261, тусгай дунд 16, бүрэн дунд 266, бүрэн бус дунд боловсролтой 7 хүн байгаагаас Монгол улсын Зөвлөх инженер 8, мэргэшсэн инженер 13, мэргэшсэн нягтлан бодогч 5, мэргэшсэн төсөвчин 2 хүн ажиллаж байна.